2021-10-27 15:26:33 |
“Монгол Ур Чадвар-2021” Гагнуурын мэргэжлийн ур чадварын
түвшин тогтоох нэгдүгээр шатны шалгаруулалтад
10 сургуулийн 12 суралцагч өрсөлдөж байна
БНХАУ-ын Шанхай хотноо 2022 онд зохион байгуулагдах “Дэлхийн Ур Чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцогчдыг сонгон шалгаруулахаар “Монгол Ур Чадвар–2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг гагнуур, токарь, мужаан, сантехник, цахилгаан, өрөг угсрагч, тогооч гэсэн 7 мэргэжлийн хүрээнд 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдөж байна.
Герман-Монголын МСҮТ дээр Гагнуурын мэргэжлийн шалгаруулалт 2021 оны 10 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд болж байна.
Гагнуурын мэргэжлийн ур чадварын шалгаруулалтад ШУТИС-ийн МТС-ТСҮТ, Налайх ПК, Барилгын ПК, Төв аймгийн Баянчандмань ПК, Монгол-Солонгосын ПК, Дархан Өргөө ПК, Техник технологийн ПК, Герман-Монголын МСҮТ, Төв аймгийн Заамар МСҮТ, Скиллстек МСҮТ зэрэг 10 сургуулийн 12 суралцагч мэргэжлийн ур чадвараа сорьж байна.
Тэмцээний нээлтэд ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа, Монголын Материал судлал, Гагнуурын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн мэргэжилтэн Д.Эрдэнэчулуун, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн үнэлгээ, гүйцэтгэл хариуцсан ахлах арга зүйч Б.Отгонбузмаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан дэд захирал Ц.Төгсбуян, Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн С.Батсайхан ахлагчтай үнэлгээний багийнхан болон оролцогч сургуулиудын захирал, сургалтын менежер, багш нар байлаа.
Монгол Улс “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр 2014 онд элссэн цагаас хойш сүүлийн 3 удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцсоноос 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн бол 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн юм.
Тэмцээнд оролцогч оюутнууддаа амжилт хүсье.