Монголын Металл Судлал Гагнуурын Нийгэмлэг

ММСГ нийгэмлэг ба Герман Монголын МСҮТөвийн

хамтын ажиллагаа

Гагнуурын ажил үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа технологи, тоног төхөөрөмж шинэчлэгдэн сайжирч, гагнаасан холболтын чанарыг шалгах арга технологи боловсронгуй болохын зэрэгцээгээр гагнуурчин, гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтнууд олноор  нэмэгдэж, тэдний мэдлэг мэргэшил,  ур чадварыг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Металл ба металл бус материалд тавигдах чанарын шаардлага ч өсч байгаа билээ.

Энэ бүх ажил үйлчилгээг улсын хэмжээнд төрийн бус байгууллагын хүрээнд зохицуулж ажиллах зорилготой Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг /ММСГН/ нь 2007 оноос байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд 2009 онд Азийн Гагнуурын Холбоонд гишүүнчлэлээр элсэн хамтран ажиллаж байна.

Герман - Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв  (ГММСҮТ) нь 2012 оны 9-р сарын 14-ний өдөр үүд хаалгаа албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс эхлэн тус нийгэмлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн.

Үүнд:

  • Сургалтын хөтөлбөр хянуулах
  • Түр болон үндсэн сургалтаар мэргэжил дээшлүүлэх, аттестатчлах, давтан сургахад хөндлөнгийн зөвөлгөө өгөх.
  • Түр болон үндсэн сургалтын төгсөлтийг хамтран зохион байгуулах
  • Үнэмлэх болон сертификат олгох
  • Гагнуурын мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, аттестатчлах, үнэмлэх олгох, гагнуурын технологи боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи судалж, нэвтрүүлэхэд хамтран ажиллах, сургалт семинар гадаад, дотоодын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, зуучлах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн гагнуурын мэргэжлийн стандарт, дүрэм, журам, гарын авлага боловсруулах, гагнуурчны ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран  явуулж байна.ГАГНУУРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2015

        Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс / ММСГН/  2 жил тутамд нэг удаа Монголын гагнуурчдын дунд ур чадварын улсын аварга шалгаруулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээнийг энэ жил 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр 11-р сарын 23 – 27-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд уул уурхай, эрчим хүч, төмөр зам, МИАТ, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв зэрэг салбар нэгжийн 46 байгууллага, хувь хүмүүс оролцож гагнуурын 4 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа. Нийт 153 гагнуурчин оролцсоноос хамгийн залуу нь 16,  ахмад нь 58 настай байв.

Өмнөх тэмцээнээс хойш гагнуурчдын ур чадвар эрс дээшилж, оролцогсдын тоо олшрон,  өрсөлдөөн нэмэгдсэнийг шүүгчид онцолж байлаа.

  • Цахилгаан гагнуурын төрөлд

1-р Байр    Г.Чойжамц               Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв
2-р Байр    Б.Баттулга               "СММ" ХХК
3-р Байр    Б.Түвшинжаргал      "Хасу Мегаватт" ХХК

Цахилгаан гагнуурын төрлийн нэгдсэн дүн

  • Аргон гагнуурын төрөлд

1-р Байр   Э.Гантулга                   "ДЦС-4" ТӨХК
2-р Байр   Ч.Агваандэмбэрэл       "ДЦС-4" ТӨХК
3-р Байр   Б.Алдарцогт                 Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Аргон гагнуурын төрлийн нэгдсэн дүн

  • Хагас автомат гагнуурын төрөлд

1-р Байр       М.Ганхуяг                    "ДЦС-3" ТӨХК
2-р Байр       С.Тэнүүн                      "Мегастийл Фабрикаторс" ХХК
3-р Байр       К.Даваажав                  "ДЦС-3" ТӨХК

Тусгай байр  Г.Булгансайхан            "Оюу Толгой" ХК  тус, тус байр эзэллээ.

Хагас автомат гагнуурын төрлийн нэгдсэн дүн

Хийн гагнуурын төрөлд  оролцогсодын гагнуурын чанар техникийн шаардлага хангаагүй гэж шүүгчид үзэж байр эзлүүлээгүй .

Энэ уралдаанд амжилттай оролцсон  Б.Баттулга, С.Тэнүүн, Ч.Агваандорж, М.Ганхуяг, К.Даваажав, Б.Түвшинжаргал нарын залуу гагнуурчдыг  2016 онд Бээжин хотод болох гагнуурчдын  ур чадварын олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагналаа. Тэмцээнд оролцсон нийт гагнуурчид, компаны удирдлага, уралдааныг зохион байгуулахад тусалж дэмжсэн компани, хамт олонд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүсье. 

 

Монгол гагнуурчдын чадварыг дэлхий бишрэв.

Олон Улсын гагнуурчдын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2016.06.15-2016.06.22 хооронд амжилттай боллоо.

"Arc Cup-2016" Олон Улсын гагнуурчдын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2016.06.15- 2016.06.22-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Дэлхийн 23 орны 500 гаран гагнуурчид ур чадвар сорьж өрсөлдсөн билээ. Манай улсаас 9 гагнуурчин тэмцээнд оролцож 
"Хасу Мегаватт" ХХК-ийн гагнуурчин Б.Түвшинжаргал цахилгаан гагнуурын төрөлд Мөнгө
"Хасу Мегаватт" ХХК-ийн гагнуурчин Б.Өлзийбуян Хагас автомат гагнуурын төрөл Хүрэл
"СММ" ХХК-ий гагнуурчин Баттулга цахилгаан гагнуурын төрөлд Хүрэл
"ДЦС - 4" ТӨХК-ий гагнуурчин Ч.Агваандэмбэрэл Аргон гагнуурын төрөлд Хүрэл медаль тус тус хүртэж багаараа 2-р байранд орсон байна. БАЯР ХҮРГЬЕ.

Монголын гагнуурчид дэлхийд хоёрт бичигдлээ. Монголын шилдэг гагнуурчид 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөөд ийнхүү хоёрдугаар байр эзэлжээ. Хоёр жилд нэг удаа Хятадад болдог "Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол Улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа мөнгөн медаль хүртэж байна. 2014 онд болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан Монголын баг энэ сарын 19-22-ны өдрүүдэд Бээжин хотод болсон тэмцээнд өмнөх амжилтаа бататгалаа. Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг 25 гаруй орон оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын багаас Б.Баттулга, Б.Түвшинжаргал

 

Баруун гар талаас Б.Баттулга, Ч.Агваандэмбэрэл

Нар цахилгаан гагнуур төрөлд мөнгөн медаль хүртсэн бол, Ч.Агваандэмбэрэл аргон гагнуур /хийн гагнуур бололтой/ төрөлд хүрэл медаль, Б.Өлзийбуян хагас автомат гагнуур төрөлд хүрэл медаль хүртжээ.

  

Баруун гар талаас Б.Өлзийбуян, Б.Түвшинжаргал

Сонирхуулахад, энэхүү аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр авч үздэг бөгөөд ийнхүү Монголын гагнуурчид багаараа Дэлхийд хоёрдугаар байр эзэлсэн нь энэ ажээ. Дашрамд дурдахад, Олон улсын гагнуурчдын энэхүү тэмцээн нь ердөө 4 дэх удаагаа зохиогдож байгаа ч ийм олон орон, гагнуурчид оролцож байгаа нь тэмцээний чансаа ямар байгааг болон цаашдаа улам олон орон оролцсон, өрсөлдөөн улам ширүүссэн тэмцээн болно гэдгийг илтгэж байна.

     

2016.06.28 Нийтэлсэн С/М:Л.Сарангэрэл